This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:11
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Улс төрийн орчин нөхцөл ба хэвлэл мэдээлэл

Монголд улс төр, бизнес хоёр нэг зүйл болсон. Авлигатай тэмцэх газраас нийтэлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад, тухайлбал 2016 онд шинээр томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван үл хөдлөх хөрөнгөөс гадна дөрвөн компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд эдгээр компанийн нэгийг нь дангаар эзэмшдэг. Тэрээр мөн 116 сая төгрөгийн (6000 гаруй Евро) үнэ бүхий гурван машинтай.

Ерөнхий сайд нь бизнес эрхэлдэг цор ганц улс төрч биш. УИХ-ын 76 гишүүнээс хувийн бизнесгүй цөөхөн гишүүн бий. Авлигатай тэмцэх газрыг УИХ өөрөө томилдог учир УИХ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг бол мөсөн уулын зөвхөн оргил хэсэг нь байж болох юм.

Албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлгээр улс төрчдийн хэн нь хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг эзэмшиж буйг шууд мэдэхэд хүндрэлтэй. Гэхдээ УИХ-ын маш цөөн гишүүд эзэмшиж буй хэвлэл мэдээллийн компаниудынхаа тухай мэдээлсэн байдаг. Жишээ нь: Д.Сарангэрэл (ТВ5 телевизийг эзэмшдэг), Г.Батхүү (Медиа Групп болон NTV телевизийг эзэмшдэг) 

Маш тодорхой нэг зүйл бол 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын Нам "Монголын үнэн" сонинг эзэмшдэг бөгөөд одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уг сонины ерөнхий эрхлэгчээр 2011 – 2013 онд ажиллаж байсан. Монгол Ардын Нам нь дал гаруй жил Монгол улсыг удирдан захирч байсан бөгөөд социализмын үед бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүрэн хянаж байв. (Түүхийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү)

Хязгаарлагдмал редакцийн хараат бус байдал, нууцлаг  эзэд

1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, цензурыг болон төрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг хориглосон.  1995 онд өргөн нэвтрүүлгийн салбарыг зохицуулах үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулав. Уг хорооны дарга, гишүүдийг Засгийн газраас томилдог. Төрийн мэдэлд байсан хамгийн том, үндэсний хэмжээний радио, телевизийг 2005 онд батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу олон нийтийн статустай болгож өөрчилсөн юм.

2011 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос арилжааны өргөн нэвтрүүлэг, цахим контент, тусгай зөвшөөрөл олгох үйл явцтай холбоотой зохицуулалтуудыг баталж, хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс шаардах болсон. Мөн онд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг баталжээ. Харин хэвлэл мэдээллийн байгуулагуудын хувьд редакцийн хараат бус байдлыг баталгаажуулж чадаагүй байгаа тухай хууль эрх зүйн орчны үнэлгээний хэсгээс олж мэдэж болно. (Эрх зүйн орчны тухай хэсгийг үзнэ үү)  

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт хангалттай биш. Сонин, сэтгүүлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгүүлэх ёстой боловч тийнхүү бүртгэхэд эзэмшигчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тухайлбал түүний эзэмшдэг бусад компани, хувь хэмжээ, зах зээлд эзлэх хувь зэргийг харгалздаггүй. Цахим мэдээллийн хэрэгсэл ч Харилцаа холбооны зохицуулах хороон дээр бүртгүүлэх ёстой боловч эзэмшлийн ил тод байдлыг хангах тухай шаардлага тавьдаггүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавьж буй эзэмшлийн ил тод байдлыг хангах шаардлага нь зөвхөн радио, телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хамааралтай. Энэхүү шаардлагын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн компанийн эзэн, хөрөнгө оруулагчийн нэр, хувь хэмжээ, удирдлагын бүтцийг ХХЗХ-д бичгээр мэдэгдэх ёстой. Эдгээр мэдээллийг ХХЗХ-ын цахим хуудасны  иргэдэд зориулсан хуудсанд бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн буланд байршуулсан байдаг тул энгийн иргэд олж авахад тодорхой хүчин чармайлт шаардагддаг. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн тухай мэдээллийг цаг тухайд нь шинэчилдэггүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын байдлаар эзэмшлийн бүтцийн талаарх мэдээлэл ирүүлээгүй байгууллагатай хариуцлага тооцох тогтолцоо үгүй байв.  

2016 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагчдад нь буцаасан. Энэхүү хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг баталгаажуулах болон редакцийн хараат бус байдлыг хангах заалт орсон байсан юм. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газраас 2016–2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахдаа өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж байсан хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг хангах чиглэлийг алгасч орхихоор шийдсэн юм. (Эрх зүйн орчны үнэлгээний хэсгийг үзнэ үү)

Засгийн газрын цагаан хоолойноос Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүртэл

Эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсаар байгаа ч, ардчилсан шилжилтийн ачаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө гарцаагүй нэмэгдсэн. Хил хязгааргүй сэтгүүлчдийн Хэвлэлийн эрх чөлөөний индексийн дагуу 2016 онд Монгол улс дэлхийн 180 оноос 60 дугаарт жагссан. Энэ нь 2015 оноос зургаан байраар ухарсан үзүүлэлт боловч 2012, 2013 оны үзүүлэлтээс 38 дугаараар дээшилсэн оноо юм.

2016 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд Монголын тухай: “Төрийн мэдлийн ухуулах хэрэгсэл байсныг олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх статус бүхий мэдээллийн хэрэгсэл болгож хөгжүүлэх үйл явц, мөн 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Монголын хэвлэл мэдээллийн орчинд эерэг өөрчлөлтийг авч ирж байна. Гэлээ ч хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн баталгаа дутмаг хэвээр, сэтгүүлчдийг шүүхэд өгөх явдал үргэлжилсээр байгаагийн сацуу хэд хэдэн цахим хуудсыг хаасан явдал гарав. Засгийн газрын хаалттай, шүүмжлэлийг үл тэвчих байдал нь хэвлэл мэдээллийн хоточ нохойн үүргийг хязгаарлаж байна” гэжээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээний улмаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар онц байдлыг зарлаж, МҮОНТ-ээс бусад телевизийн нэвтрүүлгийг дөрөв хоногийн хугацаанд зогсоосон юм. Айла Ромо-Мёрфи энэ талаар эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ: “Энэхүү нөхцөл байдал нь Монголын хэвлэл мэдээллийн орчинд дарангуйллын загвар бүхий нөлөөллийг хэрэгжүүлэх боломжтой байсаар байгааг харуулсан юм” гэжээ.

Хэрүүлийн хамгийн том алим: Том бизнес ба авлига  

Ардчилсан хөгжлийн өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийнхэн болон улс төрчдийн хоорондох хэрүүлийн хамгийн том алим нь томоохон бизнес болон авлигын асуудал байсан, цаашдаа ч байх болно.

1998 онд Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн тэр жил ч энэ зөрчил гарч л байсан. Иргэд Сүхбаатарын талбай дээр зул барин жагсаж байхад хэвлэл мэдээллийнхэн ч авлигын тухай асуудлыг дэвшүүлж байв. Ямар ч байсан С.Зориг бол Ардчилсан эвслийн хоёр дахь Засгийн газарт Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан бөгөөд их хэмжээний мөнгөтэй холбоотой хэд хэдэн асуудлыг, тухайлбал Орос Монголын хамтарсан Эрдэнэтийн асуудлыг хариуцаж байсан нь үнэн. Мөн түүнийг хамтран зүтгэгч Ц.Элбэгдоржийн оронд Ерөнхий сайд болгох тухай яриа ч явагдаж байсан. Ц.Элбэгдорж нь төрийн мэдлийн Сэргээн босголт банкийг дампууруулж, хувийн Голомт банктай нийлүүлсэн хэргээр  албан тушаалаасаа огцроод байсан билээ. Гэвч Элбэгдорж улс төрд дахин гарч ирж, Ерөнхийлөгчөөр сонгогдоод зогсоогүй, 2013 онд дахин сонгогдсон.

Удаах Ерөхий сайд Ж.Наранцацралт долоохон сар Засгийн газрыг тэргүүлсэн. Түүнийг Эрдэнэтийн зэсийн уурхайг Оросуудад хямдаар зарахыг завдсан хэмээн мөн л огцруулсан. (Том бизнес & Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү)

Хэвлэл мэдээллийнхний хөндөж ирсэн, тэр хэмжээгээр зөрчилд орж ирсэн өөр нэг сэдэв бол байгаль орчны асуудал юм. 2011 онд Хил хязгааргүй сэтгүүлчид дараах мэдэгдлийг гаргаж байсан юм: “Хил хязгааргүй сэтгүүлчид Гантөмөрийн Уянга, түүний нөхөр Авиагийн Баатархуяг нарыг баривчилсанд сэтгэл зовниж байна. Тэд Байгаль орчны сайд Лүймэдийн Ганхуягийг Өдрийн сонинд Канадын Айвенхо Майнз компанитай Монголын Засгийн газар гэрээ байгуулсны дараахан сая долларын үнэтэй байшинд нүүж орсон тухай шүүмжилсэн юм.” Яг энэ тохиолдлын хувьд нийслэлийн шүүхээс Г.Уянгыг эрүүгийн хуулиар шийтгэх тогтоолын хүчингүй болгосон билээ.

Сэтгэл түгшээмээр өөр нэг явдал  2015 онд болсныг дурьдах хэрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүлч, Монголиа Майнинг сэтгүүлийн эрхлэгч Лунтангийн Болормаа гэртээ нас барсан байв. Тэрээр нас барахаасаа өмнө тухайн үеийн Нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт зориулсан их хэмжээний мөнгийг хувийн зориулалтаар ашигласан тухай бичиж байсан. Сэтгүүлчийн гэнэтийн үхлийн талаар цагдааны байгууллага мэдээлэхдээ, уг асуудалд эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй хэмээн мэдэгдсэн. Харин болсон явдлын талаар цагдаа ч, хууль тогтоох байгууллага ч эрэн сурвалжлаагүй. Үүний оронд албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай сайд парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдож байна.  (Том бизнес &Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү)

Сэтгүүлчдэд учирдаг дарамт  

Улс төр, бизнесийн олон янзын уялдаа холбооноос үүдээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд ирэх дарамт мөн олон янз байдаг. 2007 онд  Дэлхийн банкнаас нийтэлсэн тайлангаас хойш тийм ч олон зүйл өөрчлөгдөөгүй бололтой. Энэхүү тайланд: “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн, эсвэл санхүүгийн хувьд хараат байдал байх тул олон нийтэд гэхээсээ илүү эзэндээ үйлчилдэг. Зарим үед мөн сэтгүүлчдийн харилцаа холбоо нь тэдний хараат бус, төвийг сахих байдалд нөлөөлдөг” гэжээ.

Сүүлийн үеийн нэг жишээ болгож www.amjilt.com-ын түүхийг дурьдаж болно. 2014 оны долдугаар сард www.amjilt.com-д тухайн үеийн  Ерөнхий сайдын эзэмшлийн жуулчны бааз Туул гол руу бохироо цутгаж буй зурагт мэдээллийг цацжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг сайтыг “хууль зөрчсөн” шалтгаанаар хар жагсаалтад бүртгэж, Монгол улсаас нэвтрэх гарцыг нь хаасан. Тиймээс уг сайт шүүхэд хандсан бөгөөд, 2015 оны 11 дүгээр сард  сайтыг буцаан нээжээ. (Эрх зүйн үнэлгээний хэсгийг үзнэ үү)

Монголын улс төрчид сэтгүүлчдээс мэдээллийн эх сурвалжийг нь хэлүүлэхийг шаардаж, тэдний мэргэжлийн эрхийг байнга зөрчдөг. Глоб Интернэшнл төвөөс 2005 - 2014  онд эх сурвалжаа илчлэхийг шаардсан 43 тохиолдлыг бүртгэжээ. Тус төвийн “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2012 – 2014”-д “Сэтгүүлчид хуулиас гадуурх эдгээр шаардлагыг заавал биелүүлэх хууль байхгүй. Гэхдээ хэрэв биелүүлэхгүй бол тэдний бүтээлийг албан ёсны эх сурвалжид тулгуурлаагүй хэмээн үгүйсгэх нь түгээмэл байдаг” гэсэн байна.

Хэвлэл мэдээллийн эзэд, улс төрч болон бизнес эрхлэгчдийн зүгээс ирдэг дарамт нь сэтгүүлчдийн дунд болгоомжлолыг бий болгож, өөрийн цензурын үүд хаалгыг нээдэг. Түүнчлэн сэтгүүлчид хэт их ачаалалтай, хэт бага цалинтай ажилладаг учир эдийн засгийн дарамтанд ч өртдөг. Тэд нэмэлт орлогоос хэт хамаарч, боломжтой үедээ төлбөртэй мэдээлэл бэлтгэж,  мэргэжлийнхээ үнэ цэнийг худалдчихдаг аж. (Том бизнес & Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү) 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ