This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 01:17
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Хэвлэл мэдээллийн зах зээл

Хэвлэл мэдээллийн зах зээлийн түүх болон бүтэц

Монголын хэвлэл мэдээллийн салбарт 90-ээд оны эхэнд төрийн мэдээллийн хэрэгсэл ноёрхож байсан хэдий ч маш богино хугацаанд зах зээлийн шинэ орчин хөгжиж, хувийн сонин хэвлэл олноор бий болсон.

Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эмхэтгэн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр тайланд мэдээлснээр, 2015 оны сүүл гэхэд  485 мэдээллийн хэрэгсэл ажиллаж байсан бөгөөд үүнд 98 мэдээллийн цахим сайт багтаж буй юм. Түүнчлэн 101 сонин, үүнээс 11 өдөр тутмын, 29 долоо хоног тутмын сонин, сард хоёр удаа гардаг 36, сар тутмын 17 сонин гарч байв. Мөн 69 радио ажиллаж буйгаас 3 нь үндэсний хэмжээнд, 5 нь бүсийн хэмжээнд, 25 нь Улаанбаатарт, 36 нь хөдөө орон нутагт буюу аль нэг аймагт нэвтрүүлгээ цацаж байна.

Нийт 131 телевиз байгаагаас 16 үндэсний хэмжээний ТВ бүртгэгдсэн бол 54 нь Улаанбаатарт, 61 нь орон нутагт нэвтрүүлгээ цацаж байна.

Мөн интернэт үйлчилгээ үзүүлж буй 66 компани байдгаас хамгийн томд нь Univision, Sky Net, Mobinet орж байна.

Мэдээллийн нэг агентлаг (Монцамэ) байгаа нь олон улсын хэмжээнд ажиллаж буй уламжлалт мэдээллийн агентлагуудаас арай өөр байдлаар ажилладаг. Монцамэ нь төрийн мэдэлд байдаг бөгөөд одоогоор Англи, Орос, Хятад, Япон хэлээр зургаан сонин гаргаж буйгаас гадна онлайн мэдээний захиалга  авч ажиллаж байна. (Mонцамэгийн тухай хэсгийг үзнэ үү) 

Сонины түгээлтийн зах зээлд төрийн эзэмшил бүхий Монгол шуудан компани ноёрхдог. Энэхүү компани Монголын сонины холбоо болон Өдөр тутмын сонинуудын холбоотой жилд дөрвөн зуун сая орчим төгрөгний гэрээ байгуулж ажилладаг. (200 орчим мянга ам доллар). Үүний зэрэгцээ Улаанбаатар пост, Скайпост, Түгээмэл шуурхай пост зэрэг хувийн шуудан компаниуд хэвлэл түгээлтийн үйлчилгээ эрхэлж байна.

2016 оны байдлаар 8 компани хэвлэл мэдээллийн хоёр ба түүнээс дээш хэрэгсэл эзэмшиж байна: 

Монгол Масс Медиа Груп: 6 мэдээллийн хэрэгсэл: 5 ТВ, 1 цахим сайт

Масс Агентлаг: 6 мэдээллийн хэрэгсэл: 2 ТВ, 2, сэтгүүл, 1 радио, 1 цахим сайт

Mонгол Ньюс Груп: 5 мэдээллийн хэрэгсэл: 3 сонин, 1 ТВ,1 сайт

Mедиа Груп: 5 мэдээллийн хэрэгсэл: 2 сэтгүүл, 1 ТВ, 1 радио, 1 сайт

Сэрүүлэг констракшн: 4 мэдээллийн хэрэгсэл: 2 сонин, 1 ТВ, 1 радио

Үүнээс гадна Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингд хамрагдсан ТОП арван мэдээллийн хэрэгслийн жагсаалтад ороогүй боловч онцгой бүлэгт багтсан гурван хэвлэл мэдээллийн компанийг дурьдах нь зүйтэй:

Эгэл ХХК: 2015 оны эцсийн байдлаар орон нутгийн 18 сонин уг компанид хамаарч байсан бөгөөд нийт борлуулалтынх нь тоо 482400 хувь ширхэг байв.

MMJ ХХК: Сард 1 – 2 удаа гардаг зургаан сонин

Монцамэ агентлаг: Долоо хоног тутмын зургаан сонин, Англи, Орос, Хятад, Япон хэлээр. (Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын талаарх хэсгүүдээс үзнэ үү)

Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн талаар дэлгэрэнгүй судалгаа дутмаг бөгөөд зөвхөн телевиз үзэгдчийн хувийг тогтмол хэмжиж байна. Хэвлэлийн Хүрээлэнгээс 2003 – 2014 он хүртэлх хугацаанд хэрэглэгчдийн судалгааг сар бүр хэрэгжүүлсэн бөгөөд санхүүжилтийн шалтгаанаар энэ төрлийн судалгааг зогсоосон. 2011 оноос Максима ХХК телевиз үзэгчийн судалгааг арилжааны зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг төсөлд энэхүү компанийн болон Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны тоо баримтыг ашиглав.

Төрийн байгууллагын зар, сурталчилгааны төсвийг зарцуулах тогтсон дүрэм, журам байдаггүй.  

Зар сурталчилгааны зах зээл, орлогын талаарх мэдээллийг зөвхөн телевизийн салбарт олж авах боломжтой. Максима ХХК-гийн мэдээлснээр, 2015 оны байдлаар телевизийн сурталчилгааны орлого 12 сая Ам доллар байв. Төлбөртэй сурталчилгаа явуулдаг томоохон компаниудад үүрэн телефоны үйлчилгээ болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд орж байна.

Төрийн байгууллагаас төлдөг зар, сурталчилгааны орлого бол хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийн бас нэгэн чухал үүсвэр. Гэвч энэ талаар тодорхой тоо баримт байхгүй.

2012 онд Глоб Интернэшнл Төвөөс Засгийн газрын 10 байгууллагад хэвлэл мэдээлэлд зарцуулсан хөрөнгийн талаар мэдээлэл авах хүсэлт илгээжээ. Эдгээрээс найман байгууллага хариу ирүүлсэн байна. Зөвхөн 2012 онд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон засгийн газар нийлээд (үүнд дээр дурдсан 10 байгууллага ороод) хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах мэдээлэл, сурталчилгаанд зориулан  4.1 тэрбум төгрөг (2.9 сая ам доллар) төсөвлөжээ. Сангийн яамны мэдээлснээр, УИХ-аас мэдээлэл, сурталчилгаанд бараг 3 тэрбум төгрөг (1.7 сая ам доллар), Засгийн газар 758 сая төгрөг (380000 ам доллар) зарцуулжээ. Улаанбаатар хотын захиргаанаас ГИТ-ийн  хүсэлтийн хариуд мэдээлэл сурталчилгаанд 482 сая төгрөг (242 мянга ам доллар) зарцуулсан тухай мэдээлжээ.

Глоб Интернэшнл Төвийн судалгаагаар төрийн 76 байгууллага мэдээлэл сурталчилгааны төсвийг хэрхэн зарцуулах талаар ямар нэгэн журам байхгүй бөгөөд ийм шийдвэрийг удирдлага гаргадаг гэжээ. Мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө гаргахдаа хэвлэл мэдээллийн зарим байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тийнхүү гэрээ байгуулсан байгууллага тухайн түншлэгчийн талаар сөрөг мэдээлэл цацахгүй байх үүргийг хүлээдэг аж. Энэ нь төлбөртэй сэтгүүлзүйг өөгшүүлж, мэргэжлийн хэм хэмжээг алдагдуулж байна. Төрийн байгууллагаас зар, сурталчилгааны орлого авах хэвлэл мэдээллийн байгууллагыг сонгон шалгаруулах ил тод үйл явц байдаггүй.

Төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчид зар, сурталчилгаа нийтлүүлэхдээ “хамгийн том мэдээллийн хэрэгсэл байх” ерөнхий таамгаар, эсвэл хамгийн хямд, эсвэл тухайн байгууллагын удирдлагын танил, хамаарал бүхий мэдээллийн хэрэгслийг сонгодог.

Хэвлэл мэдээллийн агуулгад хууль ёсны нөхцөл шаардлагаас бусад тохиолдолд хөндлөнгөөс нөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй ч, тухайлбал сурталчилгааны орлого хуваарилах нэрээр шүүмжлэлт мэдээллийг хязгаарлах, редакцийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломж нээлттэй байна хэмээн дүгнэж болно. (Эрх зүйн үнэлгээг үзнэ үү)

Үүний зэрэгцээ арилжааны телевизүүд цагт 15 минутаас илүүгүй сурталчилгаа цацах ХХЗХ-ны журмыг ихэвчлэн зөрчдөг. Хэвлэлийн Хүрээлэнгээс 2013 онд гаргасан хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааны тайлангаас үзэхэд 60-100 минут үргэлжлэх өндөр рейтинг бүхий нэвтрүүлгийн дундуур 30 – 40 минутын сурталчилгаа цацагддаг тухай дурьджээ.

Хувийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 72 хувь нь хувийнх бөгөөд үүнд мэргэжлийн тодорхой хэсэг бүлэгт зориулсан, цөөн хувиар хэвлэгддэг тусгай сонин, хэвлэлийг багтаасан тухай Хэвлэлийн Хүрээлэнгийн “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” тайланд мэдээлжээ.

Тодруулбал, телевизүүдийн 90 хувь нь хувийнх. Сонины 8 хувь, сэтгүүлийн, 13 хувь, радиогийн 12 хувь, телевизийн 4 хувийг төр эзэмшдэг бол үндэсний хэмжээний олон нийтийн статус бүхий нэг радио, телевиз байна.  

Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингд шар мэдээ, цэнгээнт нэвтрүүлгийг голчилдог сонин, радио, телевизүүдийг хамруулаагүйг дурьдах хэрэгтэй. Цаг үеийн мэдээллийг тогтмол бэлтгэж цацдаг мэдээллийн хэрэгслээс хамгийн түгээмэл өдөр тутмын сонинд Өдрийн сонин (нэг дугаар 11.000 ширхэг) болон Өнөөдөр сонин (7.000 нэг дугаар ширхэг) багтаж байна. Цахим мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчдийг хэмждэг найдвартай тогтолцоо байхгүй бөгөөд Хэвлэлийн Хүрээлэнгээс санал асуулгын судалгаагаар хамгийн их зочилдог сайтуудыг тодруулсан байв. Интернэт хэрэглэгчдийн ихэнх нь нийгмийн мэдээллийн сүлжээнд холбогдох зорилгоор Интернэтэд холбогддог бөгөөд Фэйсбүүк хамгийн түгээмэл ашиглагддаг сүлжээ аж. Телевиз, радиогийн хувьд Олон нийтийн радио телевиз одоог хүртэл хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл байсаар байна.

Олон нийтийн радио, телевизэд улс төрийн нөлөө хүчтэй байна.

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг хориглосон боловч 2005 онд л Олон нийтийн радио  телевизийн тухай хууль батлагдаж, төрийн мэдлийн Үндэсний радио, телевизийг олон нийтийнх болгох үйл явц эхэлсэн. Хуулийн дагуу олон нийтийн радио телевизээр арилжааны сурталчилгаа явуулахыг хориглосноор хувийн хэвшлийн телевиз, радиод сурталчилгааны орлого олох орон зайг тодорхой хэмжээгээр чөлөөлж өгсөн юм.

МҮОНТ нь нэг үндэсний хэмжээний, хоёр кабелийн ТВ сувагтай бөгөөд МҮОНР нь хоёр үндэсний хэмжээний, нэг ФМ, нэг олон улсын сувагтай.    

МҮОНРТ жилд дунджаар 3,9 тэрбум төгрөгийн (2 сая Ам доллар) төсвийн санхүүжилт авдагаас нийслэлийн айл өрхөөс сар бүр 1100 төг, орон нутгийн айлуудаас 600 – 800  төгрөгийн хураамж авдаг. 

Олон нийтийн радио телевизийн тухай хуульд уг байгууллагад олгох улсын төсвийн дэмжлэгийг хэдий хэмжээгээр, хэрхэн тооцоолохыг тодорхойлж өгөөгүй. Хуулийн дагуу МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага буюу Үндэсний зөвлөл жилийн төсвөө хэлэлцэж, улсын төсөвт тусгах санал гаргана. Түүнчлэн айл өрхөөс хураах хураамжийн хэмжээг Засгийн газраас Үндэсний зөвлөлийн саналд тулгуурлан тогтооно хэмээн ерөнхийлөн хуульчилсан.

МҮОНРТ-ийн редакцийн хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан. Гэвч Глоб Интернэшнл Төвийн мэдээлснээр, “2006 онд анхны Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсны дараа тус байгууллагын ажилтнууд Түр хороо байгуулж, Үндэсний зөвлөл улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж, редакцийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж буй, удирдах боловсон хүчнийг хууль бусаар томилж буй зэргийг шүүмжлэн эсэргүүцэж эхэлсэн. Энэхүү тэмцэл нь нээлттэй захидлаас авхуулаад суулт хүртэл үргэлжилсэн боловч бодит үр дүнд хүрч чадаагүй юм.” 

Өнөөдрийг хүртэл МҮОНРТ-д улс төрийн нөлөө хүчтэй байсаар байна. Энэ нь юун түрүүнд тус байгуулагын удирдах бүтцийн улс төрийн томилгоогоор илэрдэг. (Эрх зүйн орчны үнэлгээг үзнэ үү)

Хуулийн дагуу ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 15 гишүүнтэй бөгөөд 6 жилийн хугацаагаар томилогддог. Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх эрх нь онолын хувьд иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй бөгөөд тийнхүү санал болгосон нэр дэвшигчдээс дөрвийг Ерөнхийлөгч,  дөрвийг Засгийн газар, долоог нь УИХ дэвшүүлж, батална.

2016 онд хэвлэгдсэн ЮНЕСКО-гийн тайланд мэдээлснээр, “Бодит байдал өөр. Хамгийн анхны Үндэсний зөвлөлийн гишүүдийг л  иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулалттайгаар дэвшүүлсэн бөгөөд тэдгээр саналыг УИХ харгалзаж, санал болгосон 15 нэр дэвшигчээс долоог баталсан юм. Удаах жилүүдэд иргэний нийгмийн саналыг огт харгалзалгүй, эрх баригчид өөрсдийн хүмүүсийг ямар нэгэн ил тод сонгон шалгаруулалтгүйгээр УИХ-аар батлуулж ирсэн. Энэхүү томилгоо нь улс төрийн шийдвэр байдаг тул тус байгууллагын удирдах бүтцийг батлах үйл явц бүхэлдээ улс төрийн зорилго, ашиг сонирхлын нөлөөн дор явагддаг.”

Уламжлалт болон цахим мэдээллийн хэрэгсэл

Хэвлэлийн Хүрээлэнгийн олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад телевиз одоог хүртэл хот хөдөөгийн иргэдийн хамгийн түгээмэл ашигладаг мэдээллийн хэрэгсэл хэвээр байна. Радио болон хэвлэмэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь багасч буй. Сонины борлуулалт дэлхийн бусад орнуудын нэгэн адил Монголд ч гэсэн буурсаар байна. Сонинуудын 45 хувь нь өөрийн цахим хуудастай, 48 хувь нь фэйсбүүк хуудастай, 19 хувь нь твиттер хаягтай. Түүнчлэн www.sonin.mn сайтаас 34 нэр бүхий сонинг үнэгүй унших боломжтой.  

Интернэтийн хэрэглээ Улаанбаатар хотод илүү түгээмэл хэдий ч, орон нутагт мөн хурдтай түгэж байна. Монголын 1000 хүн тутамд 196 компьютер оногддог боловч 1000 хүнд оногдох суурин утасны тоо бараг хоёр дахин бага буюу 87 байна. Гэтэл Монголын хүн амын тооноос бараг хоёр дахин илүү гар утас хэрэглэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлт юм.

Өргөн уудам газар нутаг бүхий Монгол улсад гар утас болон Интернэтийн хэрэглээ харилцаа холбооны асар их дэвшлийг дагуулж буйг дутуу үнэлж болохгүй. Урьд өмнө дэлхий ертөнцөөс алслагдсан байсан Монголын зарим газар нутаг өнөөдөр “даяаршсан тосгон”-ы нэг хэсэг нь болоод байна.

Засгийн газраас орон нутгийн иргэдэд сателлит антеннаар хүрэх 10 сувгийн хүртээмж, чанарыг дэмжих зорилгоор жилд 1.2 сая Ам доллар төсөвлөдөг. Энэхүү үйлчилгээг сателлит нэвтрүүлгийн зах зээлд ноёрхож буй DDish компани үзүүлж байна. 

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ